Захирлын мэндчилгээ
  • 2024 оны 02 сарын 21

Захирлын мэндчилгээ

      Монгол Улсын Эрүүл мэндийн болон Эм зүйн салбарын хүний нөөцийг бүрдүүлэхэд өөрийн хувь нэмэрээ оруулж буй Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль (ЭЗШУИС) нь коллежоос их сургууль болтлоо өргөжин хөгжсөн, ололт амжилт бүхэнд үе үеийн  удирдлага, чадварлаг багш судлаач, ажилтан, оюутан суралцагчид ихээхэн үүрэг гүйцэтгэсэн билээ.
      
Технологийн хурдацтай хөгжлийн эрин үе, боловсролын чиг хандлагын  өөрчлөлт, шинэчлэлийн хүрээнд бид багш төвтэй сургалтаас оюутан төвтэй сургалтад шилжих, онолын мэдлэгийг практик чадвартай хослуулсан, асуудалд суурилсан, мэргэшсэн ментор, ажлын байрны сургалтаар дамжуулан бүтээлчээр суралцах, үр дүнг суралцагчийн эзэмшсэн цогц чадамжаар үнэлэх
“Чадварлаг мэргэжилтэн” бэлтгэх зорилгоор сургалтын хөтөлбөрийн бүтэц, агуулга, сургалтын арга зүй, үнэлгээний систем, чанарын баталгаажилтын чиглэлээр өөрчлөлтийг хийж “Үр дүнд суурилсан боловсрол”-ын үзэл баримтлалыг нэвтрүүлж эхлээд байна.

      Боловсрол бол зорилго биш харин зам юм. Боловсрол бол хүн та өөрийгөө хөгжүүлэхийн тулд ухамсартайгаар хийж буй танин мэдэхүйн үйл ажиллагаа түүний үр өгөөж юм. Суралцах нь амьдралын туршид эзнээ дагаж явдаг эрдэнэ юм  гэж нэгэн эрдэмтний хэлсэнчилэн боловсрол хэмээх уртын урт аян замд гарахад таны хичээл, зүтгэл хамгаас чухал. Эцэс төгсгөлгүй энэ аян эхэндээ хүнд бэрх байвч, чиний хичээл зүтгэлээр олж авсан эрдэм мэдлэг, чадвар таны амьдралыг аз жаргалтай, баяр хөөртэй, утга учиртай болгоно гэдгийг үргэлж санах хэрэгтэй.
Амьдрал гэдэг бол аз жаргалтай мөчүүдийн хэлхээс болохоос амьд явах гэсэн тэмцэл биш юм гэж Далай лам хэлсэн байдаг.
Та бүхнийг эрүүл мэнд, эм зүйн салбарыг хөгжүүлэх, шинжлэх ухаан, технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн ирээдүйн хөгжлийг бүтээгч өндөр боловсролтой, аз жаргалтай мэргэжилтэн болоход тань манай их сургуулийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
                                                                                                          
Орой үгүй эрдмийн их оргилд нь амжилт хүсье!
                                                                                                 ЗАХИРАЛ Л.УЛАМБАЯР (ЭЗУ-Ы ДОКТОР,  ПРОФЕССОР)

© 2023 All Rights Reserved. Developed By: AiT Team